Цэцэрлэгийн цахим болон уламжлалт бүртгэл өнөөдөр дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2017-08-24 11:42:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд тухайн аймаг, дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжих Цахим бүртгэлээр бүртгүүлж буй 2 настнууд болон өмнө нь хүмүүжиж байсан 3-5 настай хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр дуусна. 

Энэ сарын 21-ний өдрөөс цэцэрлэгийн 3-5 настай хүүхдүүдийн бүртгэл эхэлсэн бөгөөд цэцэрлэг тус бус бүртгэл хийлгэхэд хүлээн авах материал харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал зарим цэцэрлэг эцэг эхийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, шинжилгээний бичиг шаардаж байгаа бол зарим нь зөвхөн өмнөх хичээлийн жилийн төгсгөлд хүүхдүүдэд өгсөн урилгыг үндэслэн бүртгэж байна.  

3-5 настай хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өмнө нь хүмүүжиж байсан болон шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэнэ. Тухайн цэцэрлэг онцлог, ачаалал зэргээ харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болохоор Нийслэлийн боловсролын газраас чиглэл өгөөд байгаа юм.

Харин маргааш буюу наймдугаар сарын 25-нд цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдүүдийн цахим бүртгэлийн сонгон шалгаруулалт 10.00 цагаас эхлэх юм. Ингэхдээ элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар цахим системээр сонгон шалгаруулалтыг цэцэрлэгийн элсэлтийн комисс зохион байгуулах юм. Элсэлтийн дүн мэдээг цэцэрлэгийн мэдээллийн самбар дээр тавих бөгөөд бүртгүүлсэн хүүхэд бүрийн эцэг эхчүүдэд “Таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй” гэсэн хариу мессеж бүртгэлтэй гар утасны дугаарт очно.

Элсэлтийн үйл ажиллагааг үнэн бодит, эцэг эхчүүдэд ил тод нээлттэй, шударга явуулж элсэлтийн талаарх мэдээ, мэдээллийг цахимаар http://tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нийтэд мэдээлэх юм. 
Н.Туяа

 
相关新闻