“Шинэ-Эрин”-гийн сурагчид “Best Creativity Award” шагнал хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Шинэ-Эрин” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Дөлгөөн, Б.Оюунбаатар нар багш Г.Идэржаргалын удирдлага дор“e-Icon” олон улсын тэмцээний “Digital Ubiquity School” нэртэй гар утасны аппликэшнээр оролцож “Best Creativity Award” шагналын эзэд болжээ.
БНСУ-ын Боловсролын яам, Ази Номхон Далайн орнуудын Боловсролын хамтын ажиллагааны институт /APEC/-ээс зохион байгуулдаг “e-Icon” гар утасны аппликэшн хөгжүүлэлтийн олон улсын энэхүү VII тэмцээн наймдугаар сарын 17-24-нд Бусан хотын Шинжлэх, ухаан технологийн үндэсний инситутийн байранд зохион байгуусан байна.
Тэмцээний үндсэн зорилго нь боловсролын салбарт олон улсын багш, сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, баг болж ажиллах боломжийг бүрдүүлж дэлхийн хэмжээний цахим сургалтыг хөгжүүлэх, олон үндэстний онцлог, соёл, зан заншлыг сургалтын орчинд нэвтрүүлэхэд оршдог.
Дэлхийн 14 орны 160 багш, сурагч 38 багт хуваагдан өөрсдийн зохион бүтээсэн гар утасны программаар өрсөлджээ. Нэг улсаас 2 сурагч нэг багшийн хамт баг болж БНСУ-ын нэг багтай хамтран программ хөгжүүлэлтийг хийж, оролцсон байна. Тэмцээн нь зайн сургалт буюу бэлтгэл хангах, тэмцээнд оролцох, тэмцээний дараах хамтын ажиллагаа гэсэн үндсэн 3 хэсэг үйл ажиллагаанаас бүрджээ.
Тэмцээний өмнө энэ оны тавдугаар сараас эхлэн багш, сурагчид өөрийн орондоо бэлтгэл ханган, БНСУ-ын багтай зайнаас хамтын ажиллагаа эхлүүлж, тэмцээнд оролцох сэдэв сонгож, программын шийдэл гаргасан байна. Харин тэмцээний үеэр 3 өдрийн туршид 2 баг хамтран ажиллаж, программыг дуусган, танилцуулга хийж, өрсөлдсөн байна.
Монгол Улсаас анх удаа оролцсон багш, сурагчид ийнхүү амжилт гаргаснаар монгол хүүхдүүд мэдээллийн технологийн салбарт гар утасны аппликэшн хөгжүүлэлтээр дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгээ харууллаа.
Д.Өлзий