Улсын цэцэрлэгт 1047 аад хүүхдийг шинээр нэмж бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-29 13:59:36
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 9382 хүүхэд бүртгэлтэй байснаас төрийн өмчийн 24 цэцэрлэгт 7852 хүүхэд сурч хүмүүжжээ. Энэ нь 2-5 настнуудын 84,6 хувь нь цэцэрлэгт хамрагдсан үзүүлэлт юм. 

Харин энэ жилийн хувьд 1047 хүүхэд шинээр элсүүлэх хяналтын тоо гарсан бөгөөд өнгөрөгч 7 хоногт төрийн өмчийн бүх цэцэрлэгүүд бүртгэлээ хийгээд дууссан аж. Улсын төсвөөр шинээр нэмж баригдсан  цэцэрлэг энэ хичээлийн жилд байхгүй. Харин 21 дүгээр цэцэрлэгийн ашиглагдахгүй байсан нэг ангийг Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр засварлаж ирэх есдүгээр сарын 1 нд 30 хүүхдийг хүлээн авахад бэлэн болгоод байгаа юм. 

СӨБ-д хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн болон байгууллагын цэцэрлэгүүд багагүй ачааллыг хуваалцдаг. Тухайлбал хувийн хэвшлийн 22 цэцэрлэгт жилд 1250 гаруй хүүхэд явдаг бол Төмөр замын Улиасхан цэцэрлэг 600 гаруй хүүхдийг СӨБ-д хамруулдаг байна. Аймаг, сумын Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт цэцэрлэгт хамрагдалтыг 98 хувьд хүргэх зорилт тавьжээ.    
Ж.Золзаяа

相关新闻