“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017” марафон ирэх бямба гарагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар" марафон гүйлтийн тэмцээнийг есдүгээр сарын 9-ний бямба гарагт зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд танилцууллаа.
2015 онд зохион байгуулсан анхны марафонд 1800 гаруй хүн гүйж, 350 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, 23 хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцож байжээ.
Харин 2016 онд нийт 3052 хүн гүйж, 10 мянга гаруй дэмжигч, сайн дурын ажилтнууд оролцож, 32 хувийн болон төрийн байгууллагууд мөнгөн болон бусад хэлбэрээр хандив өгч, дэмжин хамтран ажилласан юм.
Энэ жилийн хувьд "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017" марафонд 5500 гүйгч, 10 мянга гаруй оролцогч дэмжигчид, 460 гаруй сайн дурын ажилтнуудыг хамруулахаар төлөвлөөд байгаа талаар зохион байгуулагчид нь онцолж байна.
Тус марафоныг зохион байгуулах болсон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх улмаар тэдний өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой хэмээн "Ахиллис Монгол" ТББ-ын хамт олон онцолж байна.
Д.Өлзий