Монгол-Японы зэвсэгт хүчний хамтарсан "Зам-2017” сургалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-08-29 17:17:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчин Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн сургалтын багтай хамтарсан “Зам-2017” сургалт энэ сарын 22-30-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Сургалтын нээлтэд Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Кикүчи Минорү тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. 2014 оноос “Зам” сургалт нь гурван үе шаттай хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд таван удаагийн сургалт, дадлага явагджээ. Энэ жилийн сургалтын онцлог нь авто замын ус зайлуулах байгууламжийг барихад чиглэж байгаа аж. “Монголын цэргийн инженерүүдэд эрс тэс уур амьсгалд тохирсон эдэлгээ даах чанартай зам тавих арга, техникийг зааж сургаж байгаадаа туйлын баяртай байна” гэж сургалтад багшилж буй Япон улсын цэргийн инженерүүд хэлж байлаа. 
Бригадын генерал Б.Амгаланбаатар “Хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тавьсан хүсэлтийг хүлээн авч “Авто замын ус зайлуулах байгууламж барих” сэдвийн хүрээнд энэ удаагийн сургалт явагдахаараа онцлог. Техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улсын цэргийн инженерүүдийн мэдлэг туршлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд суралцах боломж олдож байгаад баяртай байна. Хөтөлбөрт хамрагдсан Замын тусгай ротод Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар улсын бүтээн байгуулалтад зам тавьж оролцох зөвшөөрлийг олголоо. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас Зэвсэгт хүчинд үзүүлж буй итгэл, үүрэг хариуцлага гэж ойлгохоос гадна хоёр улсын хамтын ажиллагааны үр дүн хэмээн үзэж байна” гэв.
Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Кикүчи Минорү “Хоёр улсын харилцаа улам өргөжин тэлж байгаагийн тод илрэл бол энэхүү хамтарсан сургалт юм. Монгол Улс бүс нутгийн энх тайванд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж байдгийг манай улсын засгийн газар үргэлж өндрөөр үнэлж, хүндэтгэж байдаг. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхт ойн хүрээнд хоёр орны харилцааг улам батжуулсан үйл явдал боллоо” хэмээв.
Сургалт үргэлжилснээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх “Барилга, инженерийн рот”-ын бэлтгэлийг хангах боломж нээгдэж байгаа юм. 
Н.Туяа
相关新闻