МУИС-ийн 75 дахь шинэ хичээлийн жилийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их сургуулийн 75 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болов.
2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд БСШУСЯ-ын сайд Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, Монгол Улсын Ардын багш Ш.Чоймаа багш болон МУИС-ийн багш, удирдлагууд оролцож оюутан залуусдаа баяр хүргэж сурлагын амжилт хүсэв.
Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар: “Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо, МУИС үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож бид 75 дахь шинэ хичээлийн жилийн хонхоо дуугаргаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд манай эрдмийн хамт олон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаандаа олон амжилтыг гаргаж ололт амжилтын түүхээ зузаатгаж чадлаа. Өнөөдөр дэлхий нийтээрээ боловсролын талаарх ойлголт, боловсролын байгууллагад тавигдах шаардлагаа өөрчилж, хөгжлийн эрэлтэд нийцсэн шинэ стандарт, арга барил, олон талт үйл ажиллагааг явуулахыг эрхэмлэдэг болжээ. Ялангуяа мэдлэг, инновацид суурилсан хөгжлийг бий болгоход их, дээд сургуулиудын үүрэг оролцоо нэмэгдэж байна. Их сургуулиуд сургалт-эрдэм шинжилгээнээс, сургалт-эрдэм шинжилгээ-технологид чиглэсэн үйл ажиллагааны хэв маяг руу шилжиж инноваци бүтээдэг, дамжуулдаг мэдлэгийн төв болон хувирч байна. Энэ бүгдийг бүтээгч нь сайн эрдэмтэн, сайн багш, сайн суралцагчид юм. ЮНЕСКО-гоос мэдлэгт суурилсан нийгэмд мэргэжлийн үйл ажиллагааны гол асуудлууд нь багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах явдал гэдгийг онцлон тэмдэглээд шаардлага хангасан багш нарыг бэлтгэх, тоог нэмэгдүүлэхийг дэлхийн хөгжиж буй орнуудад уриалсаар байна. Мөн Засгийн газраас 2017-2018 оны хичээлийн жилийг бүх шатны боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих жил болгон зарлалаа. Бид энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, багшаа дэмжсэн олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ” гэв.
БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар: “2017-2018 оны хичээлийн жилийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, сургалтын агуулга, арга зүйг суралцагчдад мэдлэгт суурилсан цогц чадамж эзэмшүүлэх чиглэлээр боловсронгуй болгох, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих, сургалтын орчныг сайжруулах, их сургуулиудын судалгаа, шинжилгээний ажлын чадамжийг нэмэгдүүлэх замаар боловсролын чанарт бодиттой ахиц гаргахад чиглэх юм. Тухайлбал, Тогтвортой хэрэгжих бодлогын чиглэлийг нарийвчилна. Өнгөрсөн 20 гаруй жилд боловсролын салбарт хийсэн шинэчлэл, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг шинжлэн дүгнэж, туршлага, сургамжид тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны удирдамжийн баримт бичгүүдийг цэгцлэн нэг мөр ойлгомжтой болгоно. Багшийн хөгжилд суурилсан тогтолцооны шинэчлэл хийнэ. “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас” уриан дор багшийн хөгжлийг дэмжих, багш мэрэгжлийн үнэ хүнд, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд төр засгаас анхаарахын зэрэгцээ, эцэг эхчүүд, байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлж, 2018 оныг “багшийн жил” болгон зохион байгуулна” хэмээв.
МУИС-ийн захирал хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан жил бүр шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд өөрийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Энэ жилийн захирлын нэрэмжит шагналыг Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхмийн багш М.Цогбадрах “Cellular Membrane Composition Requirement by Antimicrobial and Anticancer Peptide GA-K4 ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээлээр уг шагналын эзэн боллоо.
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр уламжлал болгон МУИС-ийн удирдлагууд урлаг спорт, авьяас, сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлсэн, шинээр элссэн Улсын олимпиадад эхний байр эзэлсэн оюутнуудад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олгож сурлагад нь амжилт хүсч тэтгэлэгийг гардуулав.
Д.Өлзий