Туркийн "Кызыл ай" нийгэмлэг 8000 өрхөд хүнсний тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-04 18:05:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Мусульман шашинтнуудын ариун баяр болох «Курбан айт»-ыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын "Кызыл ай" нийгэмлэгээс 2100 толгой малын махаар Баяннуур, Ногооннуур, Сагсай, Өлгий сумд болон Цагааннуур тосгоны амьжиргааны түвшин доогуур 8000 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.
Энэ талаар Монголын Мусульман Шашны Холбооноос мэдээллээ.

Курбан айт баяр нь хижрагийн он тооллоор ариун рамадан сар дуусаж "Ораза айт" баярыг тэмдэглэснээс хойш 70 өдрийн дараа болох бөгөөд энэ жил 9 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд тохиосон юм. "Курбан" гэдэг нь өргөл барих гэсэн утгатай үг аж.  Баяраар боломжтой айл бүр хонь, ямаа, үхэр, тэмээ зэрэг салаа туурайтай малаар өргөл барин ядуучуудад тарааж, бие биенийхээ гэрээр зочилж баяр хүргэдэг,  идээ будаа амсдаг уламжлалтай. Курбан айт нь энх тайван, эвлэрэл нэгдэл, аз жаргалыг билэгддэг ба баячууд ядуусын дунд хайр хүндэтгэл авчирдаг гэлцдэг юм.

Энэ жил Баян-Өлгийчүүд тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн бөгөөд бүх мечетүүдэд  өргөл барьж, аймгийн хэмжээнд 20 мянга гаруй толгой малын махыг ард иргэдэд тараасан талаар албан бус мэдээлэл байна.  

Ө.Нурболат

相关新闻