Хөвсгөлд 2960 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-07 10:52:47
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2-5 насны 11166 хүүхэд байгаагаас 8208 нь 43 цэцэрлэгт хүмүүжиж байгаа бол цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүй байгаа учраас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хүртэж чадахгүй 2960 орчим хүүхэд байна. Харин 347 хүүхэд буюу цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн 11,7 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байна.

Тус аймгийн 15 суманд 73 хүүхэд харагч ажиллаж байгаа бөгөөд хүүхэд харагч нарыг чадавхжуулах давтан сургалтыг Мөрөн суманд зохион байгуулж байна. Сургалтаар шинэ хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажлын талаар шинэ мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна бүх хүүхэд харагч нарын гэрчилгээг сунгаж, хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, хүүхэд хамгааллын журмыг танилцуулж, ёс зүйн дүрэмд гарын үсэг зуруулан батламжиллаа. Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийн 0,7 хувь нь хамрагдаж байгаа ажээ.
Б.Гантуяа 
相关新闻