Дэлхийд хүч сорьсон боксчид эх орондоо ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Гамбург хотноо болсон боксын 19 дэх удаагийн ДАШТ-д оролцсон Монголын шигшээ багийн дөрвөн тамирчин өнөөдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсаас дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцож “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн байна.
Тэрбээр: “Олимп, дэлхийн хос медальтан гэж дуудагдах эрхэм хүндтэй амжилтад хүрлээ. Энэ хүртэл надтай хамт байж, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан Монголын ард түмэндээ, ХХЕГ, Хилчин спорт хороо, АПУ ХК-ийн хамт олон их баярлалаа. Олимп, дэлхийн хоёр том дэвжээн дээр Францын тамирчинтай тулалдлаа. Даагаа нэхнэ гэж хичээсэн ч харамсалтай нь зорилгоо биелүүлж чадсангүй. Гэхдээ боломж олон байгаа. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ринг дээр олон таарах байх. Монгол Улсаас дөрвөн боксчин оролцож бүгдээрээ медалийн төлөө ширүүхэн тулалдсан” хэмээн ярив.
Д.Өлзий