Монголын хөлбөмбөгийн холбоог санхүүгийн зөрчилгүй гэдгийг тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хүсэлт гаргаж 2017 оны зургадугаар сарын 17-нд Азийн хөлбөмбөгийн холбоо болон Дэлхийн хөлбөмбөгийн холбооны аудитын шалгалтаар оруулахад МХБХ-г санхүүгийн зөрчилгүй гэдгийг тогтоожээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүжилттэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж, хөлбөмбөг сонирхогчдын дунд өрөөсгөл ойлголт төрүүлж байгаад бодит мэдээлэл хүргэхээр өнөөдөр МХБХ-ноос хэвлэлийн бага хурал хийж танилцуулав.
Цахим орчинд холбооны санхүүжилттэй холбоотой ташаа мэдээлэл олон удаа гарч байгааг эцэслэх зорилгоор Олон улсын аудитын холбоогоор шалгуулсан дүн мэдээний талаар нээлттэй мэдээлэл өгөв. МХБХ жил бүр ээлжит их хурлаараа санхүүгийн болон аудитын тайлангаа танилцуулдаг учраас санхүүгийн хувьд ил тод байгууллага гэдгээ онцолж байлаа. Ээлжит их хурлаар 2016 онд зарцуулсан зардлаа танилцуулж, Гүйцэтгэх хорооны хурлаар батлуулсан 2017 оны төсвөө баталсан. МХБХ-ны Их хурлаар санхүү болон аудитын тайланд итгэхийг холбооноос мэдэгдлээ.
Цахим орчинд түгсэн худал мэдээллийг санаатайгаар тараасан мэдээлэл гэдгийг ч онцолж байв. МХБХ-ноос он гарснаас хойш гадаад дотоодын 22 сургалт, футзалын 9, талбайн 14 тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн “Гранссрүүтс” хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулж, “Атлетик карьер 2017 хөтөлбөрийн хүрээнд МУБИС-ийн УБТС-д хөлбөмбөгийн ангийг нээсэн байна. Монгол Улсын хөлбөмбөгийн хөгжлийн гол шалгуур шигшээ багийг 9 насны ангиллаар байгуулсан. Манай улсын шигшээ багууд энэ хугацаанд тивийн чанартай албан ёсны тэмцээн болон нөхөрсөг тоглолтуудыг оролцуулаад 33 тоглолт хийсэн нь урд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг онцолж байв.
Д.Өлзий