“Цэцэрлэг хот-марафон-2017” бүх нийтийн гүйлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-08 14:22:44
Архангай \МОНЦАМЭ\. Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Самбууданзангийн санаачилгаар “Цэцэрлэг хот-Марафон-2017” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах гэж байна. Тэрээр хоёр жилийн өмнөөс санаагаа олсон бөгөөд өдгөө энэ жил ийнхүү биеллээ олж байгаа ажээ.  
Уг бүх нийтийн гүйлтийн зорилго нь орон нутагтаа гүйлтийн спортыг хөгжлүүлэх, Цэцэрлэг хотыг орон даяар сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилттай болгон, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх юм.

Зохион байгуулагчид марафон гүйлтээр 500-1000 хүнийг хамруулна гэж төлөвлөсөн бөгөөд марафон гүйлтийн үеэр аймгийн төвийг мэргэжлийн тамирчид 21 км буюу 4 тойрно. Сонирхогчид 10000 метрт, 45-аас дээш насны сонирхогчид болон өсвөрийн хүүхдүүд 3000 метрт гүйх юм байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 1500 метрт гүйнэ.

“Цэцэрлэг хот-Марафон-2017” бүх нийтийн гүйлтийг уламжлал болгохоор төлөвлөсөн ба Цэцэрлэг хотын ”төрсөн өдөр” буюу жил бүрийн 5-р сарын 6-нд зохион байгуулахаар зорьж буйгаа санаачлагч хэлж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр Эрдэнэбулган сумын ЗДТГ ажиллаж байгаа бол хөрөнгийн асуудлыг Финляндын “Флом” ОУБ-ын Спортын клубээс гаргаж байгаа ажээ.  

Гүйлт 9-р сарын 29-ний 11 цагт Дэмид жанжны талбайгаас эхлэх юм байна.

Б.Гэрэлт-Од
相关新闻