Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-12 11:47:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны наймдугаар сарын нөхцөл байдлыг танилцуулав.

Тухайлбал Аж үйлдвэрийн салбарын  үйлдвэрлэл энэ оны эхний  найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.6 дахин их дүнтэй гарсан байна. Мөн аж үйлдвэрийн салбарын өсөлтөд  металлын хүдэр олборлолт 0.6  их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 
ИНФЛЯЦИ  0.8 ХУВИАР ӨСЛӨӨ
 
Инфляци наймдугаар сард өмнөх сараас 0,8 хувиар өсч,  өмнөх оны эцсээс 5.1 хувь, 2016 оны мөн үеэс 5.0 хувиар өссөн  үзүүлэлт гарлаа.

Инфляци наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.0 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.6 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.

Түүнчлэн инфляци Сэлэнгэ, Говь-Алтай, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорнод аймгуудад 0.1-1.2 хувиар буурч, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Сүхбаатар аймагт өөрчлөлтгүй, бусад аймагт 0.2-2.2 хувиар өссөн байна. Харин Увс аймагт 2.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Улаанбаатар хотод инфляци өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 2.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ТӨСВИЙН  ТЭНЦЭЛ 577.6  ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн  хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар  4.5 их наяд төгрөгт хүрч, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.0 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.2 их наяд төгрөгөөр буурсан нь орлого 904.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өсч,  зарлага 326.4 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар буурсан зэрэг үзүүлэлтээр тайлбарлагдаж байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 8 сарын байдлаар, тэрбум төгрөг:



Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өсөхөд орлогын албан татвар 339 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 51.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.6 хувийг татварын орлого, 12.0 хувийг татварын бус орлого, 3.6 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 4.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Харин онцгой албан татварын орлого 131 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар буурчээ.


ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 7.1 ХУВИЙГ ЭЗЭЛЖ  БАЙНА

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Тодруулбал банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл  наймдугаар сарын байдлаар 940.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 48.2 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 112.3 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар өсчээ.

 Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг:


Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  7.1 хувийг эзэлж,  өмнөх сараас  0.3 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр  өсөөд байгааг статистикчид онцоллоо.
 
ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ  1.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ӨСЧЭЭ

Монгол Улс энэ оны эхний найман сард дэлхийн 148 улстай худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.9 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 4.1 тэрбум ам доллар, импорт 2.8 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 тэрбум ам. доллар буюу 32.7 хувиар, экспорт 37.1 хувиар, импорт 26.7 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үед 819.4 сая ам. долларын ашигтай гарч байсан бол эхний найман сарын байдлаар 528.7 сая ам.доллараар буюу 64.5 хувиар нэмэгджээ. Ийнхүү экспорт    эрдэс бүтээгдэхүүн, нүүрсний экспорт  өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин  үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 48.6 сая ам. доллараар буурчээ. Импорт өмнөх оны мөн үеэс 580.7 сая ам. доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 184.5 сая ам. доллар,тэр дундаа дизелийн түлш, автобензин,  машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспорт, импорт, тэнцэл, сараар, сая америк доллар:



Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.9 хувийг эзэлж байна. Харин  импортын 67.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж буй аж.
 Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻