Баян-Өлгийд аялагчдад зориулсан хөтөч ном гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Экстрим аялал хөгжүүлэгч Сүхээгийн Алдархишиг тус аймагт аялагчдад зориулж "Цаст Алтайн уулс Баян-Өлгий аймаг" аяллын хөтөч ном гаргажээ.
Тэрээр 1999 оноос Баян-Өлгий аймгаар аялж эхэлсэн ба тус аймгийн онцлог, байгаль, түүхийг судалсан судалгаа, туршлагадаа үндэслэн энэхүү номыг эмхтгэн гаргасан байна. Аяллын хөтөч 8 бүлэг, 33 дэд бүлгээс бүрджээ. Номд Баян-Өлгийд хэрхэн очих, орон нутгийн засаг захиргаа, хүн ам, эдийн засаг, нутаг дэвсгэр, газар зүйн байршил, байрлаж хооллох газрууд, үзвэр, үйлчилгээ, нутгийн ард иргэдийн мэндлэх, хүндлэх ёс, өв, соёл, цаг агаар, аяллын маршрутуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл оржээ.
Мөн Баян-Өлгийн нутгаар аялахад тохирох хувцаслалт, майхан, авиралтын тоног төхөөрөмж, ууланд авирахдаа анхаарах зүйлс тухай зөвлөгөө багтсан байна.
Номын зохиогч монголчуудыг Монголдоо аялахад нь туслах зорилгоор цаашид 21 аймгийн хөтөч дотоод аялал жуулчлалын цуврал номуудыг гаргахаар ажиллаж байгаа ажээ.
Ө.Нурболат