Малчдад гарал үүсэл нь баталгаагүй эм тариаг малдаа хэрэглэхгүй байхыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-14 18:30:49
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хоёр дахь удаагаа Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хүрээнд гурван сумын 400 гаруй малчин сургалтад хамрагджээ.
Энэ удаагийн сургалтаар малчид мал эмнэлгийн үйлчилгээг тогтмол хүлээн авах, мал сүргээ эрүүл байлгах, малын гаралтай бүтээгдэхүүнийг цэвэр аюулгүй байлган зах зээлд нийлүүлэх талаарх мэдлэгтэй болов. Мөн малчид, иргэд малын эгэл биетэн, хачиг, шавьж, хорхой зэрэг дөрвөн бүлгийн 100 гаруй төрөл, зүйлийн шимэгчид, 70 гаруй шимэгчит өвчний талаарх мэдээллийг сонслоо. Сургалтын үеэр оролцогчид сургалтаас авсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан амьтны шимэгч, шимэгчит өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцож, сургагч багш нар нэмэлт тайлбар  зөвлөмж өгсөн байна. Сургалтын үр дүнд, малчид үйлдвэрлэгчид өөрсдөө дур мэдэн малдаа янз бүрийн эм тариаг таавраар хэрэглэхгүй байх, гарал үүсэл нь баталгаагүй хямд эм тариаг зах зээлээс авахгүй байх, малын арьсны болон дотрын шимэгчгүйтгэх эмчилгээ хийсний дараа эмийн хүлээх хугацааг чанд мөрдөх, эмчилгээний дараа эмчилсэн малыг шууд нядалж хүнсэнд хэрэглэхгүй байх, эмчилсэн малын сааль ашиглахгүй байх зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай хүнсний эрүүл хэрэглээний талаар бодит ойлголттой болов.
Б.Мягмарсүрэн
相关新闻