Цоохор ирвэс “нэн ховордсон” амьтдын жагсаалтаас хасагдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-09-15 08:51:55
ЛОНДОН. /Би-Би-Си/. Цоохор ирвэсийг “нэн ховордсон” амьтдын жагсаалтаас хасаж, “ховор” амьтдын жагсаалтад оруулснаа дэлхийн устаж үгүй болох эрсдэлд орсон амьтдын статусыг тодорхойлдог Байгаль хамгаалах олон улсын холбоо /БХОУХ/ мэдэгдсэнийг Их Британийн “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Гэхдээ амьдрах орчныг нь хүмүүс сүйтгэж буй болон хулгайн ан зэрэг хүчин зүйл энэ амьтанд өнөө хэр нь аюул заналхийлсээр буйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Төв Азийн уулархаг бүсэд амьдардаг цоохор ирвэсийг БХОУХ 1972 онд “нэн ховордсон” амьтдын жагсаалтад оруулж байсан аж. Олон улсын таван шинжээч гурван жил энэ амьтны тоо толгойг судалсны эцэст статусыг нь өөрчлөх шийдвэрийг гаргасан байна. “Цоохор ирвэс” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй доктор Том МакКарти бол тэр таван судлаачийн нэг.

Түүний тайлбарласнаар, “нэн ховордсон” амьтдын жагсаалтад тоо толгой нь 2500-гаас олонгүй, тоо толгой нь эрс цөөрсөн амьтдыг багтаадаг байна.  Тэрбээр ярихдаа “Бидэнд сайхан мэдээ байна. Цоохор ирвэс дээрх хоёр шалгуурыг давсан. Энэ амьтан одоо устаж үгүй болох аюулаас мултран “аюулгүй” боллоо” гэжээ.

Харин “ховор” амьтдын жагсаалтад нь гурван үеэрээ тоо толгой нь наад зах нь 10 хувиар буурсан, тоо толгой нь 10 мянгаас олонгүй болсон амьтдыг оруулдаг байна.

2016 оны тооцоогоор, Монгол, Орос, Балба, Энэтхэг, Бутан болон Хятад зэрэг 12 улсад нас бие гүйцсэн 8700 орчим цоохор ирвэс байжээ.

Г.Доржханд
 

相关新闻