Малчид цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээг мессежээр хүлээн авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Мерси кор" Олон Улсын байгууллага тус аймгийн зуд болох өндөр магадлалтай Алтай, Булган, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Баяннуур, Ногооннуур сумдын 48 баг, Цагааннуур тосгоны малчдад гар утаснаасаа цаг агаарын мэдээ болон бэлчээрийн ургацын мэдээг хүлээн авах боломж бүрдүүлсэн байна. Энэ талаар тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх болон хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, аймаг хариуцсан зохицуулагч Х.Жумагүл нар өчигдөр аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзах үеэр онцоллоо.
Уг ажил нь “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд малчид 2016 оны 6 сараас 2017 оны 7 сар хүртэл мессэжээр 3038 удаа мэдээлэл авсан байна. Мессэжээр цаг агаарын мэдээ авах үйлчилгээнд өвөл зудын байдалд байсан Булган, Сагсай сумын малчид хамгийн их ханджээ. Төсөл хэрэгжүүлэгчид өнгөрсөн долдугаар сараас эхлэн тус үйлчилгээг Алтанцөгц, Буянт, Дэлүүн, Толбо сумын малчдад хүргэж эхэлжээ.
Малчид өөрсдийн оршин суугаа багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт илгээж, тухайн нутаг дэвсгэрийн 1-6 хоногийн холбогдох мэдээг хүлээн авах боломжтой аж.
Санаачлагчид мессежээр мэдээ хүргэх үйлчилгээг цаашид аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын аль нэгэнд хариуцуулж, малчдыг мэдээллээр тогтмол хангах зорилт тавин ажиллаж байна.
Ө.Нурболат