П.Ганхуяг: Шүлхийн вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотой цаг үеийн сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ онд долоон аймаг, нийслэлийн зарим нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар, Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа юм. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд аарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх нь.
Энэ талаар ХХААХҮЯ-ны харьяа МЭҮГ-ын дарга П.Ганхуяг, ”ОХУ-ын Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж эхний ээлжийн вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ. Сүүлийн үед чанаргүй гэх мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ хүргүүлсэн. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториор шинжлүүлэхээр болсон. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байна. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хариуцлага тооцно” гэв.