Д.Намнан баатрын хөшөөний нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-18 09:40:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт байрладаг хилийн цэргийн 0165 дугаар анги Монгол Улсын баатар Дамдины Намнанд зориулж хөшөө босгожээ. Өчигдөр Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээний үеэр тус хөшөөний нээлтийг хийлээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга А.Гылымхан, ангийн захирагч хурандаа Б.Мөнхбат болон тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад хилчид, ажилчид оролцлоо.

Монгол Улсын баатар Д.Намнан 1919 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. Тэрбээр 1943 оны 7 сарын 30-нд Шарговийн бага даваанд Хятадын дээрэмчидтэй болсон тулалдаанд гарамгай гавьяа байгуулж, эрэлхэгээр амь үрэгджээ. Түүний байгуулан баатарлаг гавьяаг нь үнэлэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  1983 оны 135 тоот тогтоолоор түүнд "Монгол Улсын Баатар" цолыг нэхэн олгосон байна.

Мөн 2015 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт хилийн 0165 дугаар ангийг түүний нэрэмжит болгосон аж. 

Ө.Нурболат

相关新闻