Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 ортой асрамжийн газар барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-09-18 12:59:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ачлалт хүүхдүүд” ТББ болон иргэн Г.Энхманлайн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор асрамжийн төв байгуулах хандивын аяныг эхлүүлж байна.

ТББ-ын захирал Б.Саранбаатар: “Ачлалт хүүхдүүд” ТББ 2015 онд удаан хугацаагаар асрамжинд байгаа, бие даан амьдрах чадваргүй, хэвтрийн ахмад настанд асаргаа, тусламж үзүүлэхээр 10 ортой үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Харин өнөөдрийн байдлаар 26 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асаргаа, сувилгаа, эмчилгээ хийж байгаа гэв.

Монгол Улсын хувьд 110 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч асрамжийн газар байхгүй. Харин энэ үйлчилгээг хоёр ТББ гүйцэтгэж байна. Тэд түрээсийн жижиг байранд үйл ажиллагааг явуулж байгаа болохоор 30-аас дээш хүн хүлээн авах боломжгүй юм. "

Иймд нэн даруй асрамж шаардлагатай 60 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 60-аас дээш насны 20 ахмад настан, түр асрамж хамгаалал шаардлагатай 20 нийт 100 иргэнийг хүлээн авч эмчилгээ, асрамж, хамгаалал, сургалт явуулах боломжтой цогцолбор байгуулахаар шийдсэн гэдгээ тус ТББ-ын гишүүн Я.Болороо хэлсэн юм.

Уг цогцолборыг Сонгинохайрхан дүүргийн Ар гүнтэд барих бөгөөд газрын асуудал шийдэгдсэн. Асруулагчдын байр, сэргээн засах тусламж, эмнэлгийн яаралтай тусламж, сургалт, асаргааны төв гэсэн дөрвөн барилга барих өртөг нь нэг тэрбум төгрөг болох юм. Мөн цогцолборын байранд аж ахуй эрхлэхээр төлөвлөжээ.

Д.Өлзий
 
相关新闻