"Намрын ногоон өдрүүд-2017" үзэсгэлэн худалдаа болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч "Хөгжлийн Шийдэл" ТББ-тай хамтран Өлгий хотын төв талбайд "Намрын ногоон өдрүүд-2017" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
"Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" уриан дор өчигдөр нээлтээ хийсэн тус арга хэмжээнд хөдөөгийн 10 сумаас 55 сүү, цагаан идээ үйлдвэрлэгч, 46 тариаланч, 30 малчин оролцохоор хүрэлцэн иржээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг үзэсгэлэн худалдааны ач холбогдлын талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга А.Тогтау: "Энэхүү арга хэмжээний хүрээнд сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний өргөтгөсөн худалдаа, шилмэл малын үзэсгэлэн явагдаж байна. Гол зорилго маань аймгийн хэмжээнд өсгөж байгаа үржлийн мал, аймгийн хөрсөнд ургасан хүнсний ногоог олон нийтэд сурталчлах, борлуулах, малчдыг шилмэл хээлтүүлэгч малаар хангах, түншлэл бий болгоход оршиж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, мал сүргийг чанаржуулах ач холбогдолтой" хэмээн тайлбарлалаа.
Үзэсгэлэн худалдаа өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Ө.Нурболат