Өсвөрийн хөлбөмбөгчдөө дэмжиж МХБХ-ны талбайд ирэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-20 10:08:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр хэсгийн тоглолтуудыг өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж эхэллээ.



Өчигдөр тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр “Манай шигшээ Вьетнам, Австрали, Камбож гэсэн тивийнхээ шилдэг багуудтай таарсан ч өөрсдийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаа давуу талаа ашиглан өрсөлдөгчдөө хожихыг хичээх болно. Бид бүх хүч чадлаа дайчлан тоглох учраас та бүхэн тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран шигшээ багаа дэмжээрэй” гэж 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид уриалж байв.



Манай шигшээ баг өнөөдөр Австрали, 22-нд Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Энэ тоглолтуудыг NTV телевиз, mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Мөн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд ирж /тасалбар 2000 төгрөг/ шигшээ багаа дэмжиж болох юм.



Дашрамд дуулгахад, Ирэх 2018 онд Малайз улсад болох Азийн АШТ-ий эрхийн төлөө 45 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг бүрийг тэргүүлсэн 10 баг, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, зохион байгуулагч орны баг нийлээд шилдэг 16 баг шигшээ тэмцээнд өрсөлдөнө.

Д.Өлзий
相关新闻