Багш нарын төлөө дорвитой арга хэмжээ авахгүй бол хугацаагүй ажил хаяна гэдгээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-09-21 11:53:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багшийн цалин нэмэх түр хороо"-ноос энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялтаас ямар нэгэн үр дүн гарахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.Тэд өнөөдөр "Live conference center" төвд хэвлэлийн хурал хийж, цаашид цалин нэмэх, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх хүртэл тэмцлийг үе шаттай явуулна гэлээ.
 
Энэ үеэр “Багш нар зөвхөн өөрсдийн төлөө биш Монгол Улсын ирээдүйн хөгжил, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө сануулах ажил хаялт зохион байгуулж байна” хэмээн тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав онцлов.

Тэрбээр хэлэхдээ, "Ажил хаялтын үр дүнд багш нар алдагдсан эрхээ сэргээх, нийгмийн баталгаагаа хангуулах боломжийг эрж хайсан өдөр болж байна. Нэг өдрийн хичээл нөхөх асуудлыг багш нар зохион байгуулна. Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Багшийн нийгмийн баталгааг сулруулснаар энэ эрхээ өнөөдөр эдэлж чадахгүй байна. Багшийн цалин хангамжийн асуудлаас болж мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд ойлгож, төр засаг багш нарын төлөө ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй гэж сануулж байна.  Бид үе шаттай цалин нэмүүлэх шаардлага тавьснаас биш 1.6 сая төгрөгийн цалинг маргааш өг гэсэн дарамт үүсгээгүй. Засгийн газраас 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр нь хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байгаа" гэв.

Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Өнөөдөр 12 цагийн байдлаар ажил хаялт нийслэлийн хэмжээнд ЕБС 43 хувьтай, СӨБ 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 33 хувьтай байна.  Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан. Цаашид энэ тоо өснө. Мэдээллээ өгч амжаагүй аймаг, сумын сургуулиуд бий" гэв.

Багш нар сануулах ажил хаялтыг энэ сарын 26-нд дахин зохион байгуулах аж.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻