Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийнхан шинэ байрандаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-09-21 13:08:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит 14  дүгээр сургуулийн шинэ байрны барилгын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийв.  

Тус сургуулийн байр 2013 онд бие засах өрөөнөөсөө эхлэн нурж, сургалт явуулах боломжгүй болсноос багш, сурагчдыг дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. 

Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан уг сургуулийн байрыг ашиглалтад оруулснаар “Шавь” цогцолбор сургууль гурван ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурсан гэдгийг албаныхан хэлж байна. 

Нийт 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус сургуулийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлэхдээ, “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барьснаар суудлын тоо 10680-аар нэмэгдсэн. Өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол энэ тоог өнөөдрийн байдлаар таваар буулгасан. Цаашид энэ тоог бууруулах чиглэлээр ажилласаар байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тавьсан. Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2016 онд 26 хороо цэцэрлэггүй байсныг энэ онд 23 болгож бууруулж чадлаа. Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд бидний нэн тэргүүнд хийх ёстой ажил бол сургуулийн байр, суудлын хүртээмжийг сайжруулах явдал юм. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарч ажиллах болно” гэв.

Сургуулийн шинэ байрны нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон бусад албаныхан, сургуулийн удирдлагууд, багш, сурагчид оролцов.

Ж.Болор
 
相关新闻