Цагдаагийн газар харваачдад зориулан мялаалга тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын сур харвааны “Цагаан шонхор” багийн харваачдаас 2016, 2017 онуудад зохион байгуулагдсан “Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн”-үүдэд амжилттай оролцож спортын мастер, спортын дэд мастерын болзол хангасан харваачдын мялаалга харвааг зохион байгууллаа.
Тэмцээнд Монгол Улсын эрхий мэргэн Ч.Жамбал, Улсын мэргэн О.Эрдэнэбилэг тэргүүтэй 79 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Тэмцээний дүнгээр Өлгий сумын харваач, спортын мастер С.Саруул-Эрдэнэ 30 сумнаас 25 онож 1 дүгээр байр, Буянт сумын залуу харваач М.Сурхүү 30 сумнаас 23 онож 2 дугаар байр, Алтай сумын харваач, спортын мастер Г.Сугар-Эрдэнэ 30 сумнаас 22 онож 3 дугаар байр, спортын мастер З.Наямсүрэн, спортын мастер Н.Алтаншагай нар тус тус 21 онож 4, 5 дугаар байруудад шалгарлаа.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын харваачид сүүлийн жилүүдэд сур харвааны орон нутаг, бүс, улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа бөгөөд өнгөрсөн 7 дугаар сард Ховд аймгийн Мөнххайрхан сумд зохион байгуулагдсан урианхай сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд тус газрын 1 алба хаагч спортын мастер, 4 алба хаагч дэд мастер цол хүртсэн юм.
Ө.Нурболат