Ахлах ангийн сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн “Иргэний танхим”-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдад “Ерөнхий боловсролын сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад нийтдээ 150 гаруй сурагч оролцож, аймгийн Прокурорын газрын даргын орлогч А.Турдыбек, аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Х.Маргулан, аймаг дахь Тагнуулын газрын ахлах ажилтан, ахмад С.Батсайхан, Цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахмад К.Ёлка, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн А.Төлеугүл, Монголын Хуульчдын холбооны аймаг дахь салбарын тэргүүн Х.Раушан нар бэлдсэн сэдвийн хүрээнд хичээл заав.
Уг сургалтын зорилго нь тус аймагт гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, ахлах ангийн сурагчдад ойлгуулан таниулах ажээ.
Ө.Нурболат