Баян-Өлгийн зарим сургуулийн багш нар ажил хаяжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр тус аймгийн зарим сургуулийн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаяжээ.
Одоогоор Өлгий хотын 3, 4, 5, 6, дугаар бүрэн дунд сургууль, 1 дүгээр бага сургууль, Алтанцөгц, Баяннуур, Булган, Дэлүүн, Цэнгэл сумдын бүрэн дунд сургуулиудын багш нар ажил хаяж буйгаа мэдэгдэж, сурагчдаа тараасан талаар аймгийн Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч Ж.Аршагүл мэдээллээ. Үйл ажиллагаагаа зогсоож буй сургуулиудын тоо өсөх хандлагатай бөгөөд зарим алслагдсан сумдаас мэдээлэл авч чадахгүй байгаа аж. Ажил хаялтад аймгийн хэмжээнд хэдэн сургуулийн хэдэн багш оролцож байгаа тухай мэдээлэл одоогоор аймгийн БСУГ-т ирээгүй гэж тус газрын мэргэжилтэн И.Асемгүл мэдэгдлээ. Харин энэ удаагийн ажил хаялтад цэцэрлэгийн багш нар оролцоогүй байна.
Албаны хүний өгсөн мэдээгээр ажил хаялт өнөөдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.
Ө.Нурболат