Баян-Өлгийчүүдийн дундаж наслалт улсынхаас дээгүүр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн иргэдийн дундаж наслалт улсын дунджаас 3,5 насаар илүү байгаа талаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан Эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистикийн эмхтгэлд дурджээ.
Судалгаанаас харахад хүн амын улсын дундаж наслалт 2015 онд 2010 онтой харьцуулахад 1.8 насаар, 2014 онтой харьцуулахад 0.32 насаар уртассан аж. Харин Баян-Өлгий аймгийн иргэдийн дундаж наслалт илүү эрчимтэй нэмэгдэж, 2015 онд 2010 оныхоос 3.5 насаар, 2014 оноос 0.6 насаар өсжээ. 2016 оны статистик мэдээгээр Баян-Өлгийчүүд дунджаар 73,3 насалж, энэ үзүүлэлтээрээ Дундговь /73.8/, Говьсүмбэр /73,4/ аймгуудын дараа орж байна.
Ийнхүү хүн амын дундаж наслалт нэмэгдэхэд орон нутгийн байгаль, цаг агаарын онцлог, амьдралын зөв хэвшил, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, амьжиргааны түвшин зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Ө.Нурболат