Хатгамлын бүтээгдэхүүнүүдийг Япон, Казахстанд экспортолж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-02 14:17:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Алма трэйвэл" компанийн саяхан байгуулагдсан "Алма крафт" хатгамлын үйлдвэр бүтээгдэхүүнээ Япон, Казахстан улсуудад экспортолж эхэлжээ. 

Тус үйлдвэрийн суурь 2017 онд тавигдсан байна. Шинэ үйлдвэрийн үйл ажиллагааны талаар компаны захирал Т.Алмагүл: "Миний бие өмнө нь төрийн албанд ажиллаж байсан.Казахын ард түмний олон мянган жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн соёлын өв болох хатгамлын урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго өвөртөлж бизнесийн салбарт хөл тавьсан. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, тусламжид хамрагдаагүй, өөрийнхөө хүчээр үйлдвэрээ босгож байна. Одоогоор 40 хүнийг ажлын байраар хангаж байгаа. Тэдгээрийн 28 нь хатгамалчин, үлдсэн нь дизайнер, оёдолчин, туслах ажилтнууд юм. Энэ сараас эхлэн ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж эхэлнэ. Манай үйлдвэр эхний ээлжид 20 орчим нэр төрлийн цүнх, үүргэвч үйлдвэрлэж байна. Мөн хатгамлаар хөрөг, байгалийн зураг урлах туршилт амжилтай болж, саяхан Бүргэдийн баяраар энэ чиглэлийн анхны бүтээл маань 500 ам.доллараар зарагдсан" хэмээн өгүүллээ.

Компанийн удирдлага цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанар, дизайныг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, төрлийг нь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ. 
 

Ө.Нурболат

相关新闻