Орхон аймаг “Шарын гол”-оос нүүрсээ авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ, Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХХК-иас нүүрс авах гэрээ байгууллаа. Ингэснээр Орхон аймгийн 1600 өрх хямд өртгөөр түлштэй болно гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл, “Шарын гол” ХХК Орхон аймагт 25 кг-аар савласан нүүрсээ 3000, 50 кг-ийг 5000 төгрөг байхаар тооцож нийлүүлнэ. Энэ нь одоо худалдаалагдаж байгаа нүүрснээс 50 хувийн хямдралтай гэсэн үг юм. “Танил” модны зах дээр ченжүүд 25кг нүүрсийг 5000-6000, 50 кг-ийг 7500-8000 төгрөгөөр зарж байна. Энэ нь өнгөрсөн жилийхтэй ойролцоо байна. Орхон аймаг нь ойн нөөц болон газар нутаг багатай учир түлшний модоо Булган, Сэлэнгэ аймгаас бэлтгэхээс гадна өндөр үнээр мод, нүүрсээ авдаг юм. Тэгвэл дээрх гэрээ хямд түлш хэрэглэх боломжийг бүрдүүлж байна. Нүүрс борлуулах албан ёсны цэгүүдийг хараахан тогтоогоогүй байна.
Дашрамд дурдахад, тус аймагт өнгөрсөн жил шахмал түлшний гурван үйлдвэр ашиглалтад орсон ч энэ жил нэг нь л ажиллана гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ