Британид төгсөгчдийн бодит туршлага, амжилтын түүхийг өгүүлсэн нэвтрүүлэг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим өртөө холбоо”-ны Британи дахь салбарын залуучууд “Британид магистрантур, докторантурт суралцах боломж” нэвтрүүлгийг бэлтгэн олны нийтийн хүртээл болгов.
Нэвтрүүлгийн төслийн удирдагч, зураглаачаар “Цахим өртөө холбоо”-ны Британи дахь бүсийн төлөөлөгч У.Ганзориг, ерөнхий найруулагч, уран сайхны редактороор Элчин сайдын яамны зөвлөх Л.Отгонбаяр, компьютер графикчаар Д.Даваачимэг нар ажилласан байна. Уг нэвтрүүлэг нь Британид төгсөгчдийн бодит туршлага, амжилтын түүхийг өгүүлдэг.
Нэвтрүүлэгт яагаад Британид суралцах хэрэгтэй вэ, сургуулиа хэрхэн сонгох вэ, шинэ орчин, нийгэм соёлыг ойлгох нь, сургуульд элсэх хүсэлтээ явуулахдаа анхаарах зүйлс, элсэлтийн захиа бичих аргачлал, Британийн Засгийн газрын тэтгэлгийг хэрхэн авах вэ, хувиараа ажил хийнгээ сурч болох уу, гэр бүлтэй болон хүүхэдтэй оюутан юуг анхаарах вэ, ирээдүйн карьераа төлөвлөх гэх зэрэг олон талт асуудлыг тусгаж өгсөн байна. Энэхүү нэвтрүүлгийн багийнхан уг төсөл дээр зургаан сарын турш ажиллажээ.
Б.Туул