Гадаад харилцаагаа өргөжүүлснээр дэлхийн төвшний мэргэжилтэн бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:44:40

Хүмүүнлигийн Ихааны Их Сургуулийн Дархан салбар сургуулийн захирал, доктор, профессор Н.Сувдтай ярилцлаа.

-“Манай салбар сургууль маань гадаад хэлний багш, орчуулагч бэлтгэхээс гадна сэтгүүл зүй, санхүү менежмент, компьютер, мэдээлэл зүйн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг мэргэжлээр боловсон хүчин  бэлтгэдэг. Бид хойд бүсдээ гадаад хэлний сургалт явуулж гадаад хэлний багш, орчуулагчдыг бэлтгэж гадаад хэл дээрх уралдаан, тэмцээн, улсын олимпиадуудыг 15 жил дараалан явуулан оролцож бүсдээ танигдсан сургууль болж чадсан. Сургуулийн төгсөгчид маань Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж зарим нь гадаад, дотоодын магистр, доктурантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалж байгаад бахархдаг.

-Олон жил их, дээд боловсрол олгох салбарт ажиллаж тэр дундаа орчин үед нэн шаардагдсан гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ажил амьдарлаа зориулсан хүний хувьд гадаад хэлний дээд мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого нь ямар байна вэ? Их, дээд сургуулиудын сургалтын үйл явц нь ямар гэж үзэж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай улсын дээд боловсролын сургалтыг яавал шинэ шатанд гаргах вэ, төгсгөж байгаа боловсон хүчнээ яавал олон улсын стандарт жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэх вэ гэдэгт чиглэгдэж ирсэн гэж би боддог. Янз бүрийн л арга, технологи, менежмент боловсруулж хэрэгжүүлж ирсэн л дээ. Энэ уламжлалаа улам бүр сайжруулж боловсронгуй болгож дэлхийн чиг хандлага өнөөдөр ямар байна вэ гэдгийг нэлээд сайн харж ажилах цаг болчихжээ. Тиймээс бид гадаадын шилдэг сургуулиудын туршлага, мэдлэг мэргэжил олгож байгаа сургалтын технологийг дотоодын их дээд сургуулиуддаа авч ашиглахын тулд сургууль бүхэн санаачлагатай ажиллах хэрэгтэй болж байна.

-Төрөөс оюутны сурах боломжид бага ч болов дэм болох үүднээс сургалтын тэтгэлэг хүртэл өгч байгаа биз дээ. Энэ нь тэдэнд хэр зэрэг нэмэр болдог бол?

-Оюутнуудыг улсаас харж үзэж байна уу гэвэл харж үзэж тэтгэлэг өгч байгаа. Энэ нь оюутнуудыг төгс болгож байна уу гэвэл үгүй. Тиймээс их дээд сургуулиуд жинхэнэ нийгэмшсэн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд хичээлээс гадуурх ажлыг хойш тавилгүй үр дүнтэй зохион байгуулмаар байна. Түүнчлэн бид өөрсдөө гадны их дээд сургуулиудтай холбогдож мэдээллийн технологид асар хурдтай орж оюутан, багш нарыг оролцуулахгүй бол бидний бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтэн маань дэлхийн техник технологиос хоцорвол сургуулиа төгсөж гараад гадны байгууллагуудтай харилцах, гадаадаас эх орондоо юм түүж ирэх чадвар нь хоцрогдсон байгаа. Жишээ нь Унгарын Будапештын их сургуулийн эрдэмтэдтэй уулзахад дэлхийн бүх сургуулиуд 3D орчинд сургалтын материалаа бэлддэг, хоорондоо харилцдаг,  сургалт нь онлайнаар явж байдаг болох талаар ярьж байсан. Ер нь манай их дээд сургуулиуд хоорондоо оюутны тоогоор өрсөлддөг, материаллаг үйлдвэрлэл явцуулдаг компаниуд шиг амиа бодож өрсөлдсөөр ирлээ. Манай их дээд сургуулиуд гадаадын шилдэг сургуулиудын патент, технологийг оруулж ирж  бүтээлчээр суралцах цаг нь болсон. Мөнгөн санхүү нь тусдаа байлаа ч технологи, мэдлэгт суурилсан сургалт явуулах бодлого зорилт нь нэг л байх ёстой гэж боддог. Төр нь боловролдоо хөрөнгө оруулах ёстой. Боловсролдоо хөрөнгө оруулсан улс орон хөгжсөн түүх бидэнд бэлхнээ харагдаж байгаа шүү дээ.

-Та энэ зун Солонгос улсад болсон дэлхийн их хуралд оролцоод ирсэн гэсэн. Гадаад харилцаа хэр зэрэг өргөжиж байна вэ?

-Манай салбар сургуулийн гадаад харилцаа жил ирэх тутам өргөжиж байгаа. Зөвхөн өнгөрсөн 7 дугаар сард л гэхэд би Солонгос улсын Пусанд болсон дэлхийн дээд боловсролын чуулганд “Оюутны сэтгэл зүйн боловсрол” сэдвээр илтгэл тавиад ирлээ. Хамтарч ажилладаг гэрээтэй байнгын харилцаатай сургуулиуд гэвэл Уганда улсын Уганда-Мартурс их сургууль, Непал улсын Технологи Менежментийн Азийн их сургууль болон Солонгос улсын Донг-Пусаны дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажил төрлийн байнгын холбоо харилцаатай байж сургалт семинар, эрдэм шинжилгээ судалгааны ажил хамтран зохион байгуулах, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр суралцах зэргээр  ажиллаж байна. Мөн Энэтхэг улсын Маханайм дээд сургууль, Савеета их сургууль, Буркина Фасогийн Электрон инженерийн дээд ургууль, Украйн улсын Петро Мохула-Хар тэнгисийн Улсын их сургууль, Кени улсын Корпоратив их сургуулиудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байна.

Б.Норовсамбуу

相关新闻
注释