МУИС кампус төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-05 17:30:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“МУИС-хөрөнгө оруулалт” форумыг өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. 
Тус сургууль нь 2016-2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөндөө Судалгааны их сургууль, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд орох зорилт дэвшүүлжээ. Судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд судалгааны нээлттэй лаборатори, МУИС- Цахим сургалт, МУИС-Хэвлэл мэдээллийн төв төслүүдээ 160 гаруй хөрөнгө оруулагчдад  танилцуулав.
Мөн энэ үеэр “МУИС-Кампус” төслийг тус сургуулийн хөгжил, санхүү харуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа танилцуулав. Тэрбээр,  “Манай сургуулийн алсын хараа бол “Дэлхийн түвшний их сургууль” болох юм. Бүсийнхээ шилдэг их сургуулийн тоонд орохын тулд тодорхой шаардлага, шалгуур хангасан байх ёстой. 2016-2024 онд МУИС хичээлийн зургаан, оюутны таван барилгын ажил төлөвлөж,  багш, оюутны эрэлт хэрэгцээг хангасан, нийгмийн асуудлыг нь шийдсэн иж бүрэн МУИС-ийн кампус  төслийг боловсруулж байна. Одоогийн байршил өөрчлөгдөхгүй, хуучин барилга байгууламжийг сэргээн засварлах,  нурааж шинээр барих бүтээн байгуулалт хийнэ. Хичээлийн анги танхимын зориулалт өргөжиж, хүчин чадал, багтаамжийг 2-3 дахин нэмэхээр тусгасан” гэв.
Харин МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор  Б.Очирхуяг "МУИС-Цахим сургалт" төслийг танилцуулав.
Энэхүү төсөл нь цахим сургалт явуулах программ болон техник хангамжийг бэлдэж, технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ арга нэвтрүүлэх, боловсролын нээлттэй болон онлайн эхийн хүртээмжийг нэмэх замаар бүх шатны, бүх насны иргэдэд зориулсан иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй боловсрол олгох зорилготой.Төслийн үр дүнд МУИС нь улс, бүс нутагт жишиг болохуйц цахим сургалтын дэд бүтэцтэй болж гадаадын элсэгчдийн тоо нэмэгдэх юм. Хилийн чанад дахь чадварлаг, мэргэжилтнүүдээр хичээл заалгаж, холимог сургалт явуулах боломж бүрдүүлснээр сургалтын чанар нэмэгдэнэ.Мөн цахим хичээлээр МУИС-ийн орон нутаг дахь салбар сургуулиудыг хангахаас гадна Монгол Улсад анх удаа нийтэд нээлттэй онлайн хичээлийг бий болгож чадна гэдгийг тэрээр илтгэлдээ дурдлаа. Иймээс тус төслийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уг хөрөнгө оруулалтын форум нь МУИС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагааг тэлэх, МУИС-ийг хөгжүүлэхэд түлхэц болох аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻