Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн "FastTrack" хөтөлбөрийн сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн “Fast Track” хөтөлбөрийн олон улсын кэмп сургалт өнөөдөр Орчлон спорт клубын зааланд эхэллээ.
FIBA-гийн 3x3 төрлөөр өсвөрийн хүүхдүүдийг өндөр түвшинд бэлтгэх зорилготой "FastTrack" хөтөлбөрийг дэлхий даяар хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн гол зорилго нь U18 насны тамирчдыг хамруулан 2024 оны олимпийн наадамд оролцох тамирчдыг бэлтгэхэд оршино. Энэ хөтөлбөрт Монгол Улс 2017 оноос хамрагдаж эхэлсэн бөгөөд дотооддоо хоёр удаа кэмп сургалтт хийсэн бол Малайз улсад болсон олон улсын сургалтанд нэг удаа хамрагдаад байна.
"FastTrack" хөтөлбөрт хамрагдаж буй улсууд нь дотоодын кэмпийг жилд 4 удаа, олон улсын кэмпэд нэг удаа гадагшаа явж оролцох, нэг удаа эх орондоо олон улсыни сургалт зохион байгуулах үүрэгтэй.
Энэ үүргийн хүрээнд манай улсад болж буй тус сургалтанд Япон, Шри-Ланк, Монгол гэсэн 3 орны 32 хүүхэд хамрагдаж байна. FIBA-гийн 3x3 төрлийн “Fast Track” хөтөлбөрийг АНУ иргэн болон дасгалжуулагч Чак Арнолд удирдан явуулж байгаа юм.
Хоёр өдөр сургалт явагдаад ирэх ням гарагт 3 орны хооронд сургалт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдын хооронд тэмцээн болж аваргаа шалгаруулна.
Д.Өлзий