Гэрэл зурагчдын бүтээлээс япон соёл, үзэсгэлэнт байгалийг тольдох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-11 14:27:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Японы гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Зайсан дахь Q Art Gallery-д боллоо.

“Японы гэрэл зурагчид Монголд” хэмээх уг үзэсгэлэнд Японы Гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчны Япон орон, хүмүүс, байгаль, уламжлалт соёл, үндэсний хэв маягийг харуулсан 60 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Тухайлбал, 1983 оноос Монголын гэрэл зургаар дагнан ажиллаж, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэмийн бүтээлүүд дээр ажилласан Японы алдартай гэрэл зурагчин Сүгияма Терүзо, түүний шавь, 1997 оноос Монголын тал нутаг, говь хангайг туулж гэрэл зураг авч, хоёр улсын гэрэл зурагчдыг холбох томоохон гүүр болж яваа Шимизү Тецүро нарын бүтээл үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.
 
Өдгөө 35 жил зураг авч буй гэрэл зурагчин Фүкүй Норио, “Японы уламжлалт хөгжөөгч эмэгтэйчүүдийн зургийг 13 дахь жилдээ авч байна. Миний хувьд тухайн хүнийг бүрэн илэрхийлэхийн тулд олон удаа уулзаж, ярилцсаны эцэст хэлэх гэсэн санаагаа гаргадаг. Японд энэ чиглэлээр сонирхогчийн түвшинд гэрэл зураг авдаг хүмүүс олон бий. Мөн гадны орныхон ч гэсэн энэ сэдвийг их сонирхдог. Би өнгөрсөн жил Франц улсад үзэсгэлэн гаргахад хүмүүс их сонирхон, маш сайхан хүлээж авсан” хэмээн ярив.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МГЗНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Л.Ганзориг, ахмад гэрэл зурагчин С.Туяа нарыг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд МГЗНХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, сумогийн их аварга Д.Дагвадорж, Японы гэрэл зургийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Охира Ютака нар болон Монгол, Японы гэрэл зурагчид оролцов.
 
Дашрамд дурдахад, 2016 оны зургадугаар сард Японы гэрэл зургийн нийгэмлэгийн уламжлалт “Азийн гэрэл зурагчин” арга хэмжээний хүрээнд Монголын 17 гэрэл зурагчин Токиод уригдан дэлхийд алдартай “Canon”, “Sony”, “Nikon”, “Place M” галерейд үзэсглэнгээ гаргаад ирсэн юм. Энэ үеэр япончууд Монголын гэрэл зурагчдын ур чадварыг өндөр хэмээн үнэлж байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻