“Улаанбаатар” наадмын Монгол киноны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-11 15:06:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын кино наадам ес дэх жилдээ “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киногоор өчигдөр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн наадмын хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдаанд шалгарсан бүтээлийн эзнийг тодруулж, ёслолын үеэр шагналыг нь гардуулав.
Уралдаанд нийт 20 кино нэр дэвшин өрсөлдсөнөөс “Хүүхдийн кино” төрөлд найруулагч Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт”, “Уран сайхны кино” төрөлд Б.Эрдэнэцэцэгийн бүтээл “Ээж”, “Түүхэн кино” төрөлд найруулагч Б.Тамирын “Зүрхний хилэн”, “Нээлтийн кино” төрөлд найруулагч Д.Золбаярын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино тус тус шалгарч Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, өргөмжлөл  гардав.

Энэ жилийн наадмыг цар хүрээг Францын орчин цагийн кино үзвэр, наадмын онцлох найруулагч Бельгийн кино найруулагч Питер Бросенсийн уран бүтээлийн танилцуулга болон Кино яармагийг шинээр зохион байгуулан өргөжүүлэхээс гадна Олон улсын кино хөтөлбөр, Улаанбаатар олон улсын кино форум тус тус болох юм.
Кино наадмын онцлох орноор АНУ сонгогдон “Америкийн кино өдөрлөг”-ийг зохион байгуулж, өнөөдрөөс “She started it”, “Охидын санаачилга”, “Хогийн цэгийн хөгжмийн чуулга”, “Ахлах тогооч” зэрэг орчин үеийн уран бүтээлийг Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ. Мөн Эммигийн хоёр удаагийн шагналт, АНУ-ын кино найруулагч, Тони Гербер Монголын кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх сургалт удирдан зохион байгуулах юм.
Харин маргааш Францын “АВА”, “Цуст сүү”, “Хэрцгий амьдрал”, Бельгийн “Хадаг”, “Тав дахь улирал” зэрэг кино Тэнгис кино театрт үзэгчдийн хүртээл болно.

Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож буй энэхүү наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор
相关新闻