Буддын мэдлэг ухааныг шинжлэх ухааны онолтой хослуулах нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-13 14:23:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

"Номын гурван хүрдэн сан" ТББ-аас санаачлан гурав дахь жилдээ ШУТИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, ХААИС, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Сан бизнесийн дээд сургууль хамтран зохион байгуулж буй уг хурал нь Монголын хүн ам нийгмийн аливаа асуудалд илүү шинжлэх ухаанчаар хандаж, буддын шашин болоод шинжлэх ухааны адил төстэй сургаал, тэдгээрээс авах ёстой гүн ухааны санаа, сэдлийн тухай мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

“Номын гурван хүрдэн сан” ТББ-ын тэргүүн Т.Батаа, “Монголчууд бид олон зуун жилийн оюуны болон сэтгэлгээний буддын мэдлэг ухаантай улс. Мөн сүүлийн хэдэн жил монголчуудын дунд хөгжсөн шинжлэх ухааны онол, судалгаа, арга зүй, туршлага байна. Үүнийг хослуулан судлах нь XII зуунд ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцлов.

Эрдэм шинжилгээний бага хурлаар Төв үзэл ба Квант физик, Бурхны шашны бясалгал ба тархи судлалын шинжлэх ухаан, Уламжлалт ба орчин цагийн одон зурхай, анагаах ухаан, Орчин цагийн боловсрол ба Буддын ёс зүй зэрэг сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
Гандантэгчинлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпил дацангийн гавж С.Гантөмөр “Буддын шашны хязгааргүйн ойлголтуудыг шинжлэх ухааны онолтой харьцуулах нь” сэдэвт илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Өнөөдөр бид шинжлэх ухаангүйгээр цааш хөгжих боломжгүй болсон. Харин шашныг авах уу, орхих уу гэдэг асуудал гарч ирнэ. Гэвч хүмүүн төрөлхтөн бидний хэзээ ч орхиж болохгүй үнэт зүйл бол хүнлэг энэрэнгүй сэтгэл, ёс суртахуун юм. Мөн шинжлэх ухаанд шашин дэмжлэг болно. Өөрийн шүтэж буй шашны гол онол сургаал маань шинжлэх ухаанаар битгий үгүйсгэгдээсэй, шинжлэх ухааны дутууг нөхөөсэй гэж боддог" хэмээн дурдав.
ШУА-ийн Физик технологйн хүрээлэнгийн академич  Х.Намсрай “Квант физик ба Бурхан башгийн сургаал” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан бөгөөд орчлонд байх гурван гайхамшигт зүйл бол “Гэрэл, цаг хугацаа, оюун ухаан” бөгөөд эдгээрийг бурхны гүн ухаанаар тайлан тайлбарладаг хэмээв.

Хуралд ШУТИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Сан бизнесийн дээд сургууль, ШУА, бурханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, лам хувраг, сүсэгтэн олны төлөөлөл оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻