Абай Кунамбаевын “Сургаал үг” номыг орчуулан гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-12 11:49:27

Казазын ард түмний суут хүмүүн, их соён гэгээрүүлэгч яруу найрагч зохиолч Абай Кунамбаевын “Сургаал үг” номыг  эрдэмтэн М.Шагдарсүрэн, Таукейн Султан, Ш. Элдэв-Очир нар орчуулж, БНКазУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгээр хэвлэн гаргажээ.

Тус бүтээлийн нээлтийн ёслол өчигдөр буюу энэ сарын 11-нд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт боллоо. Уг ном нь нүүдэлчний соёл, суурин соёлын ялгаа, зөрчил улмаар дорнын сэтгэлгээ өрнийн сэтгэлгээний ялгааг харуулжээ.

«Сургаал үг» нь 45 товч гүн ухааны сургаалиас бүрддэг бөгөөд XIX зууны казахын нийгмийн өмнө байсан хүнд асуудлууд, ертөнцийн тавцанд казах түмний эзлэх байр суурь болон ирээдүйн талаарх бодол эргэцүүлэлүүд орсон байна хэмээн БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин номын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Их зохиолчын бүтээлүүд Казахын нийгэм, оюун санааны хөгжилд үнэлэшгүй хувь нэмэр оруулж байгаа. Монгол хэлнээ орчуулагдсан тус бүтээл монголын нийгмийг их гэгээрүүлэгчийн уран бүтээлтэй танилцуулж, түүний уран зохиолын сан хөмргийг унших, судлах сонирхолыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻