ОХУ-ын архивт "нууц" хэмээгдэж байсан чухал баримтуудыг дэлгэн үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж буй 100 гаруй баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноноос бүрдсэн “Их Октябрь-Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" /1917-2017/ үзэсгэлэн өнөөдөр Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв.
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус үзэсгэлэн түүхэн баримтуудыг гэрэл зургаар баяжуулснаараа онцлогтой.
Үзэсгэлэн "Их Октябрь ба Монголын цагаагчин тахиа жилийн хувьсгал", "Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа", "Архивын салбарт хамтран ажиллах комисс-25 жилд" гэсэн дэд хэсгээс бүрджээ.

Эхний хэсэгт 1917 онд Орос оронд мандсан Октябрийн их хувьсгал, түүний үр дүнд тогтсон Зөвлөлт засгаас дорно дахины дарлагдсан улс түмэн болон Монголын талаар явуулсан бодлого, Октябрийн үзэл санаа Монголд нэвтэрсэн арга хэлбэр, түүний нөлөөгөөр Монгол оронд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл өрнөж, Монгол Ардын Нам байгуулагдсан тухай болон Монголын ард түмний түүхэнд цоо шинэ хуудсыг нээж, 1945 оны бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулан, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхэн үйл явцыг харуулсан олон сонирхолтой баримт, гэрэл зургийг дэлгэжээ.
Дэд хэсэгт 1921 оны ардын хувьсгал ялснаар Монгол Улсад шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг байгуулахад Оросын ард түмний дэмжлэгийг олж, хоёр орны хамтын ажиллагааны туршид хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд Монгол оронд орчин цагийн соёл, шинжлэх ухааны байгууллагууд дэлхий нийтийн хөгжилтэй зэрэгцэн алхах болсныг баримт бичиг, гэрэл зургаар тоймлон харуулсан бол гуравдугаар хэсэгт Монгол Улс, ОХУ-ын архивын мэргэжлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ажлын комиссын 25 жилийн хугацаанд зохион байгуулсан 22 удаагийн хуралдааны протокол шийдвэр, албан бичиг, захидал харилцаа, уулзалт, ярианы тэмдэглэл, комиссын шугамаар бэлтгэсэн эмхэтгэл номоос дээжлэн толиуулжээ.Энэ нь тус комиссын үйл ажиллагаа, замнал, дүнг тод томруун нэгтгэн харуулж буй юм.
Энэ үеэр Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын Архивын агентлагийн хамтран гаргасан “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” /1976-1990/ баримт бичгийн эмхэтгэлийн гутгаар ботийн нээлт болов.

Энэхүү ботид Монгол, Оросын түүхчдийн судалж илрүүлсэн 800 гаруй баримт бичгээс 11 архивын газрын 214, Монголын тогтмол хэвлэл, сонин сэтгүүлийн 11 баримт, нийт 249 материалыг сонгон он цагийн дарааллын дагуу нэгтгэжээ. Эдгээр архивын баримт нь анх удаа ботид хэвлэгдэж буй бөгөөд түүний дотор, ОХУ-ын архивт урьд нь "нууц" гэсэн тэмдэгтэй эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж байгаагүй 29 чухал баримт байна. Тухайлбал, Улаанбаатар хотод А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн салбарыг байгуулах тухай ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн захирамж, БНМАУ-ын Соёлын хөгжлийн тухай ЗСБНХУ-ын ЭСЯ-наас гаргасан улс төрийн захиа, БНМАУ-ын Үндэсний атлас зохиох тухай ЗСБНХУ-ын ШУА-ын ерөнхийлөгч А.П.Александровын ЗХУКН-ын Төв Хороонд бичсэн захидал гэх зэрэг хоёр улсын хоорондын соёл, шинжлэх ухааны харилцааны түүхэн үе, хөгжлийг дэлгэрэнгүй судлахад чухал ач холбогдолтой сурвалжууд байв.
ШУА-ийн Түүхийн археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт хэлэхдээ, “1976-1990 он бол Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагаа, түүний дотор соёл шинжлэх ухааны харилцааны хувьд олон үйл явдлаар дүүрэн он жилүүд байв. Тэр дундаа Монгол Улсын хөгжил дэвшил, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн бусад салбарт хоёр орны хамтын ажиллагаа эрчимжсэн үе байсан учир баримтууд их байдаг. Монголчууд бидний хувьд эдгээр баримтыг судалгааны эргэлтэд оруулснаар өнгөрсөн түүхийн онцгой үйл явдлуудыг нэхэн сэргээх, түүхэн баримтын үндсэн дээр бодитойгоор үнэлэх, залуу хойч үедээ хүргэх, туулсан замналаа үнэлж цэгнэх ач холбогдолтой” гэв.
Үзэсгэлэн ирэх сарын 10-ныг хүртэл Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд иргэдэд нээлттэй үйлчлэх юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованный, ОХУ-ын ЭСЯ-ны Зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаа болон Төв төрөлжсөн архивын удирдлагууд оролцов.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр