Багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-24 11:56:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 23-нд багш нарын төлөөллийг хүлээн авч уулзав.
Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн яаралтай шийдэх хоёр асуудалд өвөлжилтийн бэлтгэл, багш нарын цалин хөлсний нэмэгдлийг шийдэх тооцоо судалгааг Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд яаравчлан хийхийг үүрэг болгож энэ хүрээнд яамдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж буйг сайд мэдээллийнхээ эхэнд танилцууллаа.
Салбарын яам болоод хамтарсан ажлын хэсгийн гаргасан тооцоо судалгаанд үндэслэн 2017 онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа, багш нарын урамшууллыг нэмэх чиглэлээр цалингийн эх үүсвэрийг судлан ажиллаж буйгаа сайд Ц.Цогзолмаа хэллээ.
"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ, “Багш нарын цалинг 1 сая 600 мянга хүргэх тооцоо судалгааг мэргэжлийн хүмүүст хандаж гаргасан нь үндэслэлтэй тоо юм. Багш нар шууд ийм цалин авна гэж хэлэхгүй. Үндэслэлтэй, үе шаттай нэмэх хүсэлт тавьж байгаа. Тиймээс Багш нарын түр хорооны гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж Засгийн газрын болоод салбарын яамны зүгээс барьж байгаа бодлого чиглэл, хийж байгаа ажлаа танилцуулж хамтарч ажиллаж байгаа нь энэ асуудлыг хамтдаа шийдэх, зөвшилцөж зөв гарц шийдлийг олох алхам гэж харж байна” гэв. Мөн Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны тавьж буй шаардлага бол цалинг үндсэн цалингийн 50 хувиас эхэлж нэмүүлэх хүсэлтэй байгаа. Харин урамшууллын хувьд багш нарын гар дээр олигтой нэмэгдэл ирдэггүй. 2017 оны төсөвт суусан үр дүнгийн урамшуулал 45 хувиар олгогдох ёстой ч 23 хувиар өгч байгааг судалж хянаж өгөхийг сайдад хандаж хэллээ.
Уулзалтаар багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, бодитой болгох, нийгмийн хамгаалал, мэргэжлийн ур чадвар гээд системийнхээ хэмжээнд өөрчлөлт ахиц дэвшлийн талаар харилцан санал солилцож асуудалд уян хатан, ул суурьтай, бодит тооцоо судалгаанд үндэслэн цаашид хамтарч ажиллахаар тохиролцов.

Ж.Болор
相关新闻