Оюутнууд үндэсний үйлдвэр, соёлын газруудтай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-24 16:56:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг энэ сарын 27-нд зохион байгуулна.
Ес дэх жилдээ зохион байгуулж буй аялалд их, дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр сурч буй 120 гаруй оюутан хамрах юм. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчин болох эдгээр оюутан гадаад орноос хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авчээ.
Нийслэлийн түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах чадварыг сайжруулах зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Аяллын үеэр оюутнууд хотын түүхэн хөгжил, музей, үзвэрийн газрууд, үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахаас гадна аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачдын туршлага, мэдлэг олгох сургалтад хамрах юм. Мөн жуулчдыг бүхий л төрлийн хэрэгцээт мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлдэг нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийн үйл ажиллагаатай танилцах аж.
Ж.Болор
相关新闻