Сурагчид хийнд хордож эмнэлэгт хүргэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн зарим сурагчид хийнд хордон өчигдөр үдээс өмнө 10 цаг 15 минутын орчимд эмнэлэгт хүргэгджээ.
Үйл явдал хичээлийн их завсарлагааны үеэр болжээ. Энэ талаар сургуулийн захирал Н.Отгонтуяагаас тодрууллаа.
- Өнөөдөр танай сургуульд хүүхэд хордсон гэсэн мэдээлэл авлаа. Яг юу болсон талаар тайлбарлахгүй юу?
- Өглөө 10:25 цаг гэхэд сургуулийн эмч над руу залгаж хуучин хичээлийн байранд хурдан ирэхийг хүссэн. Би шинэ корпус дээр ажиллаж сайсан л даа. Намайг ирэхэд тэнд байсан сургуулийн байгалийн ухааны менежер хорт хий шиг юм алдагдаж, хүүхдүүд хахаж ханиалгаад байгаа гэж хэлсэн. Цагдаа ч удалгүй ирж, бид хамт хий алдагдсан гэх 8 г ангид ороход хоолой хорсож эхэлсэн. Бид дээд давхарт хичээллэж байсан бүх сурагчдыг гадаа гаргаж, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрынханд ч мэдэгдсэн. Тэд ч гэсэн "үнэр гарч, хоолойг хорсгож байна. Хүүхдүүдийг битгий оруул" гэсэн. Хүүхдүүдийг тэр даруйд нь тарааж, бие нь эвгүйрхсэн, толгой өвдсөн гэсэн хүүхдүүдийг эмчийн өрөөнд оруулан үзлэг хийгээд найман хүүхдийг түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэсэн. Дараа нь бас хэдэн хүүхэд эмнэлэгт очсон байгаа.
-Эмч нар ямар дүгнэлт гаргасан вэ?
-Тухайн үед би цагдаад мэдүүлэг өгчихөөд эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн араас очсон. Хүүхдийн эцэг эхчүүд бас эмнэлэг дээр ирсэн байсан. Эмч нар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэлд үндэслэж: "Энэ бол хүний биед хор хөнөөл учруулдаг хортой зүйл биш. Нийгмийн эмх замбараагүй байдал, жагсаал цуглааны үед хүмүүсийг тараахад ашигладаг хийз байна" гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан.
-Энэ газ хаанаас алдагдаж, хүүхдүүдийн гарт хүрсэн талаар мэдээлэл байна уу?
-Хаанаас яаж алдагдсаныг бид одоогоор мэдэхгүй байна. Холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Хичээлийн завсарлагааны үеэр хоёр сурагч сургуулийн орчмоос бортоготой ямар нэг зүйл олж, ангид оруулсан юм байна.
- Цагдаагийн алба хаагчийн хүүхэд авч ирсэн гэж эцэг эхчүүд яриад байгаа нь үнэн үү?
-Тэр хоёр хүүхэд жижигхэн бортоготой зүйл гаднаас олж сонирхож байтал нь хичээл эхлэх цаг болж, тэднийг нэг сурагч дуудаж иржээ. Тэднийг дуудаж ирсэн хүүхэд цагдаагийн алба хаагчийн хүүхэд юм байна.
-Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал ямархуу байна?
-Эмнэлэгт очсон хүүхдүүдэд хор тайлах шингэн залгаад, эмч нар хүүхдүүдийн бие, хувцас хунарыг нь угааж, шингэн юм ихээр уулгахыг эцэг эхчүүдэд зөвлөж эмнэлгээс гаргаад явуулсан. Одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа хүүхэд байхгүй. Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа.
-Танай сургуульд маргааш хичээл хэвийн үргэлжлэх үү?
-Хий алдагдсан гээд байгаа корпуст мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд үзлэг шалгалт хийж, хичээл хийж болох эсэхийг тогтоон дүгнэлт гаргана. Бид зохицуулалт хийж бусад хичээлийн байрууддаа хичээлээ хийнэ.
Эмнэлгээс өгсөн мэдээллээр уг үйл явдалтай холбогдуулан эмчид 13 сурагч ханджээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор мэдээлэл өгөх боломжгүй аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Ө.Нурболат