800 сая ам.долларыг Чингис болон Димсам бондын эргэн төлөлтөд зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-26 16:12:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар боллоо хэмээн Төвбанкнаас мэдээллээ.

Санхүүжилт ирэх сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөгдөх Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулах аж.

Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдлээс гарах нөхцөл бүрдэж байна гэдгийг албаныхан хэллээ.

Эдгээр гадаад эргэн төлөлттэй холбоотой байсан тодорхой бус байдал арилснаар зах зээл дээрх итгэл нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх  ач холбогдолтой аж.

Түүнчлэн, наймдугаар сарын эцэст 1599.2 сая ам.долларт хүрч, жилийн хугацаанд 40 хувь нэмэгдээд байгаа Монгол Улсын гадаад валютын албан нөөц Монголбанкны алт худалдан авалтын үйл ажиллагааны үр дүнд үргэлжлэн нэмэгдэх төлөв гарчээ.

Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх зорилготой эдгээр арга хэмжээний үр дүнд энэ оны эцэст Монгол Улсад наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 215.4 сая ам.долларын ашигтай байгаа төлбөрийн тэнцэлд үргэлжлэн эерэг нөлөө бий болно гэсэн хүлээлт байна.
Б.Заяа
相关新闻