“Дэлхийн мисс-2017”-д “Жалам хар” бүжгээр гоцолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-26 18:07:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Саньяа хотноо ирэх сарын 18-нд болох "Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин финалын үеэр “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэхээр шалгарчээ.
 
Тус тэмцээнд оролцогч Ц.Энхжингийн багийн менежер С.Цэнгүүн хэлэхдээ, "Дэлхийн мисс” тэмцээний Авьяаслаг миссийн номинаци эхэлсэн. Энэ төрөлд бүжиглэх бүжгийг Ц.Энхжин маань Төрийн соёрхолт, УГЗ, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатараар дэглүүлж бэлдсэн. Хүн байгальтай хүйн холбоотой учраас байгалиа хайрлая гэсэн гүн утга санааг бүжигт агуулсан. Шалгаруулалтын дүнд Ц.Энхжин 130 орны гоо бүсгүйг гоцлон, тэдэнд бүжгээ зааж, “Жалам хар” бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээгээд байна” гэв.

Түүнчлэн оролцогч Ц.Энхжингийн тэмцээнд илгээсэн танилцуулга видео олны таашаалд ихээхэн нийцэж, анхаарлыг татаад байна. Энэхүү танилцуулгад хувь хүнийг гэхээс илүү Монголын үзэсгэлэнт байгаль болон Монгол ахуйг харуулах зорилгоор "Hero entertainment''-ын мэргэжлийн баг хамгийн сүүлийн үеийн камер, тоног төхөөрөмжийг ашиглан бүтээжээ.

Мөн тэрбээр тэмцээний хамгийн гол шалгуурын нэг "Зорилго бүхий гоо үзэсгэлэн" шалгаруулалтад хөрсний бохирдлын талаар урт хугацаанд хийсэн судалгаагаар оролцох аж.

Дашрамд дурдахад, Дэлхийн миссийн тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн Үндэсний ялагч миссээ 13 дахь жилдээ оролцуулж байна.  2016 онд Мисс А.Баярцэцэг шилдэг 11-т шалгарч, түүхэн амжилт тогтоосон билээ. 

Ж.Болор
 
相关新闻