С.Дэмбэрэл: Саяас доош орлоготой хүнийг орон сууцтай болох боломжийг төр эрэлхийлэх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-27 15:39:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1.1 сая төгрөгөөс доош орлоготой хүмүүсийг  орон сууцтай болох боломжийг төр эрэлхийлэх ёстой гэдгийг  эдийн засагч С.Дэмбэрэл онцлов.

Монгол банкны хурлын танхимд Зах зээл судлалын хүрээлэнгээс гаргасан  “Орон сууц худалдан авах боломжийн индекс, Монгол Улсын моргейжийн зах зээлийн хөгжил” судалгааны үр дүнг  өнөөдөр танилцуулсан юм.

Энэ үеэр эдийн засагч С.Дэмбэрэл ярихдаа, “ҮСХ, Барилга, Хот байгуулалтын яам, Монголбанк, Тэнхлэг зууч ХХК-ийн  сар бүр гаргаж буй орон cyyцны үнийн индексийг арга зүйн хувьд нэг  болгомоор байна. Европын орнуудын туршлагаас үзэхэд моргейжийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг цогцоор нь шийдсэн байдаг. Гэтэл  Монгол Улсад  энэ нэлээн сул байна. Тухайлбал зөвхөн нэг талын эрх ашгийг чухалчилсан,  тэгш байдлыг хангаагүй, санхүүгийн хэрэглэгчийн эрх үүрэг дутуу, төрийн оролцоо тодорхой бус төдийгүй зөвхөн санхүүгийн эх үүсвэр гэж хардаг.  Мөн санхүүгийн тогтвортой байдал, мөнгөний бодлогын үр нөлөө, хамрах хүрээнд моргейжийн зах зээл зохих байр суурь эзлэхгүй байна. Моргейжийн зээлийн  нөхцлүүд  хатуу биш ч гэсэн хэтдээ хүн амын орлогын бүлгүүдийн бүтэц, эдийн засгийн макро бусад нөхцлүүдтэй уялдуулах шаардлагатай тулгарч буй юм. Эдгээр нөхцлийг уян хатан, илүү зорилтот шинжтэй болгох боломж бий” гэлээ.
 
Дээрх  судалгаагаар өрхийн сарын дундаж орлогын 30 хувийг түрээсийн төлбөрт төлдгийг дурджээ.  Өрхийн бодит орлогын өсөлт тогтворгүй байгаа учир  түрээсийн үнэ буурсан хэдий  ч  иргэд орлогоороо энэ ачааллыг зохицуулж буйг дээрх судалгаанд тодотгожээ.

Улмаар өрхүүдийн баялаг ба өр, түүний тодорхойлох хүчин зүйлсийн судалгааг гүнзгийрүүлэх шаардлагатай байгаа аж.

Эдийн засаг саарахад  моргейжийн хямралын шинж тэмдгүүд өрхийн амьдралд нөлөөлдөг. Энэ нь эргээд эдийн засагт эрсдэл үүсгэдэг тул үүнд тогтмол мониторинг хийх ёстой.  Монгол Улсын хувьд орон сууц худалдан авах боломжийн индексийг гаргахдаа бусад орнуудын адил нийлүүлэлтийн мэдээллээс гадна эрэлтийг давхар судалж бодлогын хэрэгсэл болгох ёстой. Орон сууцны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэнэ. Моргейж нь төрийн ухаалаг оролцоо шаардсан зорилтот  зах зээл юм. Тиймээс Барилга Хот Байгуулалтын Яам, ҮСХ, Сангийн яам, Монголбанк, “Тэнхлэг зууч” ХХК зэрэг байгууллагууд нэгдэж ажлын хэсэг байгуулан цогц судалгааг хийх хэрэгтэй” гэдгийг эдийн засагч С.Дэмбэрэл танилцуулгын төгсгөлд хэллээ.
Б.Заяа
相关新闻