Сайн хөтөч болохын тулд Нийслэлтэйгээ танилц

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-30 13:30:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас 9 дэх жилдээ хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг зохион байгууллаа.
Хотын аяллыг нээж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх аялал жуулчлалын салбарт ажиллахаар сонгон суралцаж буй оюутан залууст амжилт хүсч хотын иргэний талаарх мэдлэгээ дээшлүүлэн соёлыг түгээж нийслэлийн үлгэр жишээ иргэн байхыг уриалав.
Тус аялалд ХААИС, МУБИС, СУИС, УБИС, МҮИС-д аялал жуулчлалын чиглэлээр сурч буй 120 гаруй оюутан хамарсан юм. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаадаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авчээ.
Оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд, үндэсний тэргүүлэгч компаниуд болох “АПУ” ХК, “Говь” ХК , “М Си Эс Кока Кола”, аялал жуулчлалын томоохон төв болох Чингисийн хүрээ баазын үйл ажиллагаатай танилцсанаас гадна аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачид болох Монгол Улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөч А.Цэрэнчулуун, Чингис хаан дээд сургуулийн багш О.Сүхбаатар, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нартай арвин их туршлага, мэдлэг олгох яриаг өрнүүлсэн юм.


1975 оноос хойш аялал жуучлалын салбарт хүчин зүтгэж буй түүхч, судлаач, профессор О.Сүхбаатар, “Жилд нэг сая 200 мянган Монгол жуулчин гадаад улсад аялж байгаа бол 400 гаруй мянган гадаад жуулчин Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Иймд аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын эдийн засгийг тэтгэдэг, татаж дээшлүүлдэг салбар болгох, гадаад руу урсах валютын урсгалыг багасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөтөч нарыг мэргэшүүлэх, оюутнуудыг практик дээр дадлагажуулах, чадваржуулахад анхаарч ажиллах хэрэгтэй” гээд сайн хөтөч болохын тулд эхлээд нийслэл хоттойгоо танилцах, түүхэн дурсгалт газруудад биеэр очиж үзэх, хамгийн сайн хөтчөөс тайлбар авах нь чухал. Тус аялал ирээдүйн хөтөч, аялал жуулчлалын менежер нарт нийслэлийн болон барилга байгууламжийн түүхийн талаар зөв мэдээлэл өгөх, тайлбарлах чадварыг олгох үр дүнтэй аялал боллоо хэмээв. 

Монгол Улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөч А.Цэрэнчулуун, ирэх жилийн хотын аялалд аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд буюу жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллага болох зочид буудал, ресторан, тээврийн үйлчилгээний болон үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгал үйлдвэрлэдэг байгууллагуудтай танилцуулахыг санал болгов.
ХААИС-ийн нэгдүгээр курсын оюутан Т.Жавхлантөгс, “НАЖГ-аас зохион байгуулсан аялал үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Аялал жуулчлалаар сурдаг мэргэжил нэгт оюутнуудтай танилцаж, мэргэжлийнхээ ач тусаас гадна цаашид юун дээр анхаарч судлахаа мэдсэн учраас үр өгөөжтэй аялал байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэл хотын иргэдэд Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах чадварыг сайжруулах, үлгэр жишээ үзүүлэх зорилготой тус аяллыг 2018 онд 10 дахь жилдээ улам илүү сонирхолтой хөтөлбөрөөр олныг хамарсан байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор
相关新闻