Ажил хайгчид нэмэгдэж, ажлын байрны зуучлал буурсан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАравдугаар сарын байдлаар ажил идэвхитэй хайж 840 гаруй иргэн аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн бол 390 гаруй хүн ажлын байранд зуучлагдсан байна.
Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоог урьд оны энэ үеийнхтэй харьцуулахад 226 хүнээр өсч, ажлын байранд зуучлагдсан нь 264 хүнээр буурчээ.
Ажил идэвхитэй хайж бүртгүүлсэн иргэдийн 55 хувь нь эмэгтэйчүүд, 17 хувь нь дээд боловсролтой, 13 хувь нь техникийн болон тусгай мэргэжилтэй, 33 хувь нь бүрэн дунд, 22 хувь нь суурь боловсролтой иргэд байна.
Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10 мянган хүнд ногдох ажилгүйдлийн тоо 284 байгаа бол Гурвансайхан,Баянжаргалан, Говь-Угтаал, Адаацаг суманд 387- 621 байгаа нь аймгийн дундажаас дээгүүр байна.
Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 34 хувь нь боловсруулах үйлдвэр, 33 хувь хөдөө аж ахуйн салбарт ажлын байртай болжээ.
Дундговь Т. Отгонтуяа