Нийслэл “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-03 11:30:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газар (НАЖГ)-аас санаачлан хийсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийг өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын дэргэд байршууллаа.

“Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг нь 11 метр урт, 1.9 метрийн өндөртэй, шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Дэлхийн бүхий л хотууд, тэр дундаа аялал жуулчлал хамгийн ихээр хөгжсөн хотууд өөрсдийн брэнд логотой байдаг. Тухайлбал, Нидерланд улсын Амстердам хотын “I Amsterdam” бэлгэ тэмдэг нь дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн таних тэмдэг болжээ. 2004 онд анх бүтээгдсэн тус бэлгэ тэмдэг Амстердам хотыг жилд 18 сая жуулчин зорин ирдэг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч болоход нөлөөлөх томоохон хөшүүрэг болсон гэж үздэг байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын Хан голын эрэг дээрх I-SEOUL-U бэлгэ тэмдгийг нэрлэж болох юм. Үүний нэгэн адил Монгол улс аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлэх орчин үеийн хотын чиг хандлага, шинэлэг шийдэл загваруудыг хийж байгаа юм. Саяхан "Аз жаргалтай Улаанбаатар" чимэглэлийн хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан бол өнөөдөр “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийг нээж байгаа юм. Энэ мэт бүтээн байгуулалтыг цаашид эрчимтэй явуулна гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байлаа.

Ч.Ариунболд
相关新闻