Олон улсад танигдсан уран бүтээлчдийг дэмжихэд анхаарал хандуулахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-03 16:23:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа болон яамны удирдлагууд соёл урлагийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар соёл урлагийн салбарын өмнө хүлээгдэж буй асуудал, уран бүтээлчдийн шинэ санал санаачилга, үндэсний өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд монголоо сурталчлах, энэ салбараар дамжуулан хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд нөлөөлөх боломж зэрэг сэдвийг хөндөн, санал солилцов.
Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийнхэн циркийн бэлтгэл сургуулилт явуулах мэргэжлийн байр, кино урлагаар дамжуулан гадаадаас орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний оюун санааны дархлаагаа хэрхэн хамгаалах төрийн бодлого, соёлын өвийг хамгаалалтад авах, язгуур урлаг, бичиг соёл, соёлын биет болон биет бус өвийг хэрхэн хамгаалах талаар саналаа хэллээ. Мөн тэд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэмцээн уралдаанд амжилт гаргаж, олон улсад авьяас, бүтээлээрээ танигдсан уран бүтээлчдийг дэмжихэд анхаарлаа хандуулахыг яамныхаа удирдлагуудад санал болгов. Түүнчлэн идэвх санаачилгатай, тогтвортой, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтай нягт холбоотой дэмжлэгтэй ажиллан, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжилтэн бэлтгэх талаар ахиц гаргавал энэ салбарын нийгэмд үзүүлэх манлайлал нэмэгдэх боломжтой талаар олон байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийлсэн юм.
Ж.Болор
相关新闻