16 настнууд иргэний андгай өргөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарласан билээ. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагааг Төрийн ордонд зохион байгууллаа.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, иргэний үнэмлэхээ гардаж байгаа залуучуудад хандаж үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, “Хүүхэд дөнгөж төрөөд Монгол Улсын иргэний тоог нэгээр нэмдэг ч иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөсөн энэ өдрөөс улсынхаа ачаанаас хамтд үүрэлцэх, алдаа, оноо, ололт, хариуцлагыг хамтдаа хуваалцах иргэн нь болдог. Эх орныхоо эс ширхэг нь болсон иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон, хөдөлмөрлөж байж улс орон хөгжинө. Залуу насаа зорилготой байлгацгаая” гэлээ.
Энэ жил улсын хэмжээнд 46 мянга гаруй залуу 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авч байгаа юм.
Төрийн ордонд болсон “Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцсон бөгөөд Орон нутгийн салбар зөвлөлүүд “Андгай Өргөх Ёслол”-ын арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулснаараа онцлогтой юм. Ийнхүү 16 нас хүрсэн сурагчид өнөөдөр иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шудрага иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайллаа.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээг 2004 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд эдүгэ 13 дахь жилтэйгээ золгож байна.
Б.Заяа