Төмөр замыг яагаад Мөрөнгөөр дайруулаагүй нь тодорхой бус байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 13:12:38

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын ордоос Эрдэнэт хот хүртэл тавигдах төмөр замын асуудлаар Аспайр майнинг компани болон Northern Railways компаний төлөөллүүд Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өглөө. 

Төмөр замын гуравны хоёр нь Хөвсгөл аймгийн нутгаар дайрна. Төмөр замын ажлыг  Нортерн Рейлвейс компани 5 жилийн хугацаатай гүйцэтгэх бөгөөд төмөр зам тавигдсанаар Овоотын нүүрсний уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулах цаашид төмөр замаар холбогдох гарцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэнэ.

Гэвч төмөр замыг Мөрөн хотоор яагаад дайруулахгүйгээр төлөвлөсөн талаар аймаг орон нутагт өгсөн мэдээлэл байхгүй, орон нутгийн иргэдийн байр суурийг орхигдуулсан, хамтын ажиллагаа сул байна цаашид аймагтай ойр дотно, холбоотой ажиллаж нэгдсэн ойлголттой байх нь чухал гэдгийг  Засаг дарга А.Эрдэнэбаатар хэлж байлаа.

2016 онд төмөр замын ажил эхэлж 2018 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж буй тус төмөр зам нь жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ажээ. Цаашид уг төмөр замыг ОХУ-ын Тувагийн Кизыл хоттой холбох замаар ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын томоохон сүлжээ бий болгох боломжтой гэж үзэж буйгаа компаний төлөөлөл дурьдаж байлаа. Төмөр замын нийт өртөг 1.2 тэрбум ам.доллар болох ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

相关新闻